Ирэх есдүгээр сараас 11 настай охид, хөвгүүдийг папиллома вирусийн дархлаажуулалтад хамруулна

Хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакциныг Монгол Улс 2020 оноос сайн дурын үндсэн дээр ХӨСҮТ-д хийж эхэлсэн. 2023 оны аравдугаар сард Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакциныг заавал хийх вакцинд оруулжээ. 

Хүний папиллома вирусээр үүсгэгддэг умайн хүзүүний хавдар нь Монголд эмэгтэйчүүдэд тохиолдох хорт хавдрыг тэргүүлж байна. Тиймээс Засгийн газрын 2023 оны 12-р сарын 27-ны өдрийн 472 дугаар тогтоолоор Дархлаажуулалтын үндэсний товлолыг шинэчлэн баталж, товлолын дагуу 11 настай охид, хөвгүүдэд уг вакциныг хийхээр тусгасан. 2024 оны есдүгээр сараас охид, хөвгүүдэд товлолын дагуу папиллома вирусийн халдварын эсрэг дархлаажуулалтыг хийж эхэлнэ. 

Хуульд 11 насныхныг дархлаажуулалтад хамруулахаар тусгасан бол бусад насныхны сайн дурын дархлаажуулалтад хамрагдах боломжтой бөгөөд ХӨСҮТ-д уг вакциныг хийж  буй юм. 
 
Дархлаажуулалтын тухай хуульд зааснаар заавал хийх дархлаажуулалтад сүрьеэ, халдварт саа /полиомиелит/, В вируст гепатит, сахуу, хөхүүл ханиад, татран, улаанбурхан, В хэв шинжийн хемофилюс инфлюенза нянгийн халдвар, А вируст гепатит, пневмококк, хүний папиллома вирусийн халдвар, гахай хавдар, улаануудын эсрэг сэргийлэх тарилга ордог юм байна.  

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button