“Чингис хаан” музей Узбекистан улсын Төмөр хааны түүхийн музейтэй хамтарч ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Узбекистан улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын түүх,  соёлын хамтын ажиллагааг дэмжиж байгаа бөгөөд “Чингис хаан” үндэсний музейн захирал, академич С.Чулуун, Узбекистаны Шинжлэх Ухааны Академийн харьяа Төмөр хааны түүхийн музейн захирал Хуршид Файзиев, Улсын Түүхийн музейн захирал Жаннат Х.Исмойлова нартай өчигдөр /2024.06.24/ хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав. 

Хамтын ажиллагааны хүрээнд хоёр улсын түүхэн харилцаа төдийгүй Узбекистан улсын нутаг дэвсгэрт үлдэж хоцорсон монголчуудтай холбоотой түүх соёлын дурсгалыг хэвлэн нийтлэх, хамтарсан үзэсгэлэн гаргах, төсөл хэрэгжүүлэх, сэргээн засварлалт, судалгааны чиглэлээр ажиллах, эрдэм шинжилгээний хурал, семинар зохион байгуулах, Төв Азийн бүсийн музейн хамтын нэгдэл буй болгоход хамтран ажиллахаар тогтов. 

Мөн 2025 оны наймдугаар сард Монгол Улсад Төв Азийн улсуудын музейн захирлуудын форумыг Монголд зохион байгуулах юм байна.

“Чингис хаан” Үндэсний музей байгуулагдсанаас хойш гадаад хамтын ажиллагаандаа ихээхэн анхаарч 10 гаруй орны нийт 20 гаруй музейтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулан, томоохон төсөл хөтөлбөр, хамтарсан үзэсгэлэн зохион байгуулаад байна. 

Мөн Соёлын яамны дэмжлэгээр тус музейн хэрэгжүүлсэн “Дэлхийд тархсан монгол өв” 11 боть бүтээлийг Узбекистан улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёевт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бэлэг болгон барьжээ. 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button