Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргаар С.Ганбаатарыг сонгов

Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.


Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа Байнгын хорооны хуралдааныг даргалан явууллаа. Хуралдааны эхэнд Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар танилцуулга хийж, Улсын Их Хуралд суудалтай намуудын хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд нам, эвслээс сонгогдсон гишүүдийн тоог харгалзан Байнгын хороодыг хуваарилсан талаар мэдээлэл өглөө. Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван Байнгын хороог удирдан ажиллахаар болсон байна. Үүний дагуу АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатарыг сонгох тухай асуудлыг танилцуулан хэлэлцүүлэв. Түүний Улсын Их Хуралд сонгогдон ажилласан хугацаа, туршлагыг харгалзан нэр дэвшүүлж буйгаа АН-ын бүлгийн дарга онцолсон юм.

Байнгын хорооны даргад нэр дэвшигчээс Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц, Д.Энхтүвшин, Д.Батбаяр, Л.Мөнхбаясгалан нар төрийн байгууллага хоорондын хамтын ажиллагаа, мал аж ахуйн түүхий эдийг боловсруулах болон жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, төвийн бүсэд хөнгөн үйлдвэрүүдийг хөгжүүлэх боломж, уул уурхайн боловсруулах үйлдвэрлэл, Дархан-Уул аймагт байгуулагдах Аж үйлдвэрийн парк зэрэг асуудлаар асуулт асууж, хариулт авав.

Мөн Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг, Д.Энхтуяа, Д.Үүрийнтуяа, Д.Энхтүвшин, Б.Пунсалмаа, Ж,Золжаргал, Г.Очирбат нар эрчим хүчний салбар томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, аж үйлдвэрийн салбарын мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэхэд асуудалд анхаарах, үйлдвэрлэлийг улс орны хөгжлийн тэргүүлэх чиглэл болгох, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг тасалдуулахгүй, дарамт, шахалт учруулахгүй байх, санхүү, татварын бодлогоор дэмжих, төрийн худалдан авалтаар үндэсний үйлдвэрлэгчид, үндэсний зах зээлийг дэмжих дэд бүтцийн болон усан хангамжийг эрх зүйн орчныг сайжруулах, хүнд, хөнгөн үйлдвэр эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай нягт хамтран ажиллах зэрэг асуудлыг хөндөн үг хэлж, нэр дэвшигч, Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатарт амжилт хүслээ.

Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатарыг сонгохыг дэмжих, эсэх талаарх санал хураалтыг гар өргөх хэлбэрээр, илээр явуулах горимын саналыг хуралдаан даргалагч гаргасан юм. Санал хураахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжиж, Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж, хэлэлцүүлэхээр тогтов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

3 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
бөйөй
8 days ago

Энэ их хурлын зөв шийдвэрийн нэг болсон байна.

ЗОЧИН
8 days ago

Хий орилохоос өөр шидгүй энэ нөхөрт юу бодож даатгадаг юм бол доо хөөрхий.

MONGOL MANDAG
8 days ago

Xarj l baiya!!!🤔

Back to top button