Наадам сайхан уу? сайхаан, та сайхан наадсан уу? Сайхаан гээд мэндчилж байна уу?

Наадам сайхан болоогүй ээ. Би ингэж хэлнэ. Мэдэмхий бүхнийг мэдэгч дарга наадмаар ажилсаг хүн болж тодрох гэж оролдоод гэмт хэрэг үйлдэв. Хиймэл зүлэгний тодорхойгүй худалдан авалт хийсэн нь төсвийн тухай хуулийг зөрчсөн, энэ нь эрүүгийн хуулиар зүйлчлэгдсэн гэмт хэрэг болно. Үүний балаг хэдхэн хоногийн дараа наадамчин олны сэтгэл зүйд нөлөөлөх юм. Хулгай хар мөртэй гэх ажээ.

Наадмын нээлтийг үзээд утга агуулгыг сайн ойлгосонгүй, дууны сонголт нь 80 аад оныг санагдуулна. Тэр үеийн улс төрийн сэдэвт дуунуудыг шалихгүй дуучид орилно. Нээлтийн үзүүлбэр сайхан байсангүй.

Есөн хөлт цагийн тугийг залах, мандуулах явцыг Монголчууд дэлхий даяараа чих тавин сонсож, нүд тавин хардаг, мэргэжлийн өндөр түвшинд олон өнцгөөс үзүүлэхгүй дүрс л өгөх төдий, хажуугаар нь нэг даргын эхнэр үндэсний хамгийн том бас төлбөрт MNB сувгаар буу халж ёст төрийг гутаана.

Жирийн иргэнд нээлт үзэх боломж үгүй, хэдэн зуун дарга нар маань цэнгэлдэх хүрээлэнг эзэлнэ. Эхнэр, нөхөр хүүхдээ авч ирж ноёдын хэсэгт заларч ямбаа эдэлнэ. Хэдхэн хоногийн өмнө л ямбыг үгүй хийнэ гэснээ мартаад баярхаж, бяралхаж суугаа нь энэ.

Хурдан Морьдын уралдаан нөгөөх л малыг эрлийз, хурлийзаар ялгадаг тэнэглэлээр амьтны нарсист үзлээ үргэлжлүүлэв, Хэнтий аймагт нэг насанд 2 тэнцэж адуу уралдлаа л гэж дуулдана.

Улсын Наадамд Уралдуулчихаад түрүүлээд хүрээд ирэхээр нь тэнцэхгүй юм байна гээд хаслаа л гэнэ. Шүдлүүлсэн, өндрөө хэмжүүлсэн морьдын талаас илүү нь хасагдлаа гэнэ. Үлгэрт иймэрхүү юм гардаг байсан. Одоо бодит болжээ. Морины гадуурхлыг зогсоох цаг ирсэн.

Бөх бол халтирсан тухай хэрүүл маргааныг ярих ч юм биш, хамгийн гол нь наадмын өмнө сольсон зүлэгнээс үүдсэн юм. Хиймэл зүлэгт чигжээс хийдэг тухай мэддэггүй байж сольчихсон, хаа хамаагүй бөмбөг хөөдөг FIFA стандартаар өөрсдийгөө хамгаалж, “Унасан бөхөд шалтаг мундахгүй” гэж муйхарлана. Энэ зүлэг дээр Монгол хавтгай ширэн ултай суран ногттой гутлаар гишгэхийг мэддэг атлаа тооцохгүй. Унаад бэртсэн хэдийг тавлаж байгаа нь энэ.

Нэг сайхан бөх халтираад суухдаа гуяны булчингийн уут нь задарч хүнд гэмтсэн дахиж амжилт үзүүлж чадах эсэх нь эргэлзээтэй.

Дор даваанд энэ зүлгийг мэдэхгүй, мэдрээгүй халтирч унасан энэ наадмын үр дүнг өөрчлөх хүмүүс байсан л байх. Зогсож байсан засуул халтирч унах хэмжээнд гулгаа үүсчээ.

Бөхийн дүрэм наадам бүрт өөрчлөгддөг юм шиг. Талбайгаас зугтсан гэж хасдаг дүрэм энэ жил үгүй болсон уу? Ямар ч байсан үйлчилсэнгүй нэг бөх зугтсаар боольхой хэрэглээд түрүүлэв.

Үнэн хүчийг үзэж барилдъя гэсэн ам тангарагтай гарч ирсэн атлаа ухарч алхах хурдаа үзүүлсээр амандаа хүрсэнгүй ээ.

Наадам дууслаа зүүн, төв, баруун Дөрвөдөөрөө талцаж хэрэлдэв. Түүхч онолчид ч оролцов.

Үндэсний баяр наадмаар үндэсний жижигхэн хагарал гараад дуусав.

Наадамчин олон сайхан наадаж, сайхан баярлахыг хүссэндээ хувь хувьдаа сайхан нааджээ.

Наадам сайхан болоогүй.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button