Монгол Улсыг дэлхийд таниулах “Mongolia House” Парисын хотноо нээгдлээ

“Парис 2024” зуны 33 дахь олимпын наадмын хүрээнд спортын тэмцээн уралдаануудаас гадна соёл урлагийн үйл ажиллагаа, хөгжөөн дэмжигчдийн бүс, олон нийтийн оролцооны хөтөлбөрүүд зохион байгуулагдаж буй. Тухайлбал, House төслүүд хэрэгжиж байгаа бөгөөд Монгол Улс анх удаа “Mongolia House” нэрэн дор Парис хотын зүүн хойд хэсэгт байрлах 55.5 га талбай бүхий La Villette цэцэрлэгт хүрээлэнд эх орноо таниулан сурталчлахаар үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлсэн юм. Илүү тодруулбал, долдугаар сарын 27-ны өдөр нээлтийн арга хэмжээ зохион байгуулагдсан бөгөөд “Mongolia House” нь наймдугаар сарын 10-ны өдрийг хүртэл 16 хоногийн турш үргэлжлэх юм.

“Энд хүрэлцэн ирсэн Олон Улсын Олимпын хороо, Азийн Олимпын зөвлөлийн гишүүд, Ла Виллетт цэцэрлэгт хүрээлэнгийн төлөөлөгч, хүндэт зочид, хатагтай ноёд та бүхэнд өглөөний мэнд дэвшүүлье. Уг төслийг бодит болгоход гар бие оролцож, туслалцаа үзүүлсэн хэн бүхэнд талархлаа илэрхийлмээр байна. Бид жил хүрэхгүй хугацааны өмнө буюу 2023 оны 10-р сард Ла Виллетт цэцэрлэгт хүрээлэнтэй гэрээ үзэглэж Mongolia House төслийг эхлүүлсэн. Өмнө нь Токиогийн олимпын үеэр цар тахлын улмаас зохион байгуулж чадаагүй ч энэ удаа бид төслөө бодитоор хэрэгжүүлж байна. Уг төсөл нь нэгдүгээрт Монголынхоо түүх, соёл, уламжлалыг Олимпын наадмын үеэр дэлхий нийтэд таниулах, хоёрдугаарт, Олимпод оролцож буй баг, тамирчдаа алдаршуулж, тэднийг дэмжих зорилготой. Энэ удаагийн Парис 2024 зуны олимпод манай улсаас 32 тамирчин оролцож байгаа бөгөөд 3.5 сая орчим хүн амтай Монгол Улсын хувьд Олимп бүрд маш амжилттай оролцсоор ирсэн. Тиймдээ ч тэдний ялалт, амжилтыг бахархан тэмдэглэх, басхүү гэрчлэхэд Mongolia House чухал үүрэг гүйцэтгэх болно.”

Нээлтийн үйл ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОУ-ын Олимпын хорооны Дэд Ерөнхийлөгч Сэр Мианг, ОУХБХ-ны Ерөнхийлөгч Жианни Инфантино, Оскарын шагналт жүжигчин, ОУ-ын Олимпын хорооны гишүүн Мишелле Иео тэргүүтэй гадаад дотоодын 5000 гаруй зочид, төлөөлөгчид зорин ирсэн юм. “Парис 2024” зуны олимпын үеэр Канад, Колумб, Мексик, Чех, Энэтхэг, Бразил, Словак, Тайвань зэрэг дэлхийн 15 гаруй улс, байгууллага өөрсдийн соёл уламжлал, ёс заншил, үүх түүхийг таниулан сурталчилж буй энэ цаг үед “Mongolia House” өдөр бүрийн 11:00 цагаас үдшийн 22:00 цаг хүртэл уртын дуу, ардын хөгжим, бие биелгээ, уран нугаралт тэргүүтэй үндэсний урлагийн үзүүлбэрүүд, бөх, сур харваа, шагайн харваа зэрэг уламжлалт спортын танилцуулгууд, монгол тоглоом наадгай, цагаан идээ, амтат зоогоор үйлчилж, хуран чуулсан хэн бүхний мэлмийг баясгаж, сонорыг мялааж байна.
So impressive