СУРВАЛЖИЛГА: 207 дугаар байрыг нураасан ч оршин суугчид ипотекийн зээлээ үргэлжлүүлэн төлнө

Сарын дараа амаржлаа, сарын дараа гудамжинд гарлаа”. Энэ удаад бидний яриа ингэж эхлэв. Асуудал ойлгомжтой, өнгөрөгч нэгдүгээр сарын 24-ний өдөр Дүнжингаравын уулзварт гарсан ослын улмаас тэд хохирсон, орон гэргүй болсон, түүнээс хойш зургаан сарын хугацаанд түрээсийн орон байраар тэнэж яваа.
Хотын дарга Х.Нямбаатар хоёр сарын өмнө ярилцлагын контентод оролцох үедээ “Ирэх долоо хоногоос байрыг засах компанитай гэрээ хийх гэж байна. Наадмаас өмнө айлуудыг байранд нь оруулахгүй бол тэд их цутарч байна” гэж ярьсан. ([Social Podcast] Yalalt & Baji – Episode 01 /Nyambaatar). Энэ яриа орон сууц нь дэлбэрэлтэд өртөж хохирсон иргэдийн магнайг тэнийлгэсэн болов ч өнөөдөр байрандаа орох нь бүү хэл, байрыг нь нураах санал тавихаар нийслэлийнхэн дуудаж, уулзжээ. https://gogo.mn/r/xv1dj
Ослын үеэр гарсан гал түймэрт өртсөн 207 дугаар байранд 63 өрхийн нийт 218 оршин суугч амьдардаг байсан. Дэлбэрэлт болж, байрнаасаа гарснаас хойш тэднийг түрээсийн байранд амьдруулж, төлбөрийг нь нийслэлээс хариуцахаар болж НЗДТГ-аас “Санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээ”-г иргэдтэй байгуулжээ. Энэ гэрээний хугацаа ирэх есдүгээр сарын 30-ны өдөр дуусна.
Хэрэв 207 дугаар байрыг нурааж, дахиж шинээр барих шийдвэр гарвал гэрээг сунгаж, барилга ашиглалтад ортол оршин суугчдыг түрээсийн орон сууцанд байлгах ажил үргэлжилнэ гэж НЗДТГ-ын дарга П.Хадбаатар хэлжээ.

Түрээсийн байраа суллаж өгөх өдөр ердөө сарын дараа л ирнэ. Гэтэл байрыг засах, нураах нь тодорхойгүй. Нураалаа гэхэд 12 давхар барилгыг нураасан туршлагатай компани Монгол Улсад байхгүй, технологи ч үгүй. Байлаа гэхэд 207 дугаар байрны чанх хажууд өөр нэг орон сууц, сургуулийн дөрвөн барилга залгаа байрладаг.
Нураах төсвийг наймдугаар сард шийдээд, нураах ажлыг есдүгээр сард эхлүүлж, энэ намартаа газрыг чөлөөлнө гэсэн урьдчилсан төлөвлөгөөг нийслэлээс танилцуулсан байна. Гэтэл есдүгээр сарын 1-нд хичээл эхэлнэ, хүүхдүүд сургуульдаа явна. Гэтэл сургуулийнх нь чанх хажууд барилга нураах ажил үргэлжилнэ гэхээр аюулгүй байдлын асуудал хөндөгдөнө. Аюулгүй байдлаа хангаж чадах уу. Аль эсвэл дахиад хэн нэгний санамсар, болгоомжгүй үйлдлээс болж гэмгүй, буруугүй хүмүүс хохирох уу?.

Шинээр орон сууц барих хөрөнгийг улсын төсөвт суулгаж өгсний дараа л санаа амарна, тэр цагт л нураах ёстой.
“Бид нурааж чадна бас барьж чадна гэсэн баталгаа өгөх юм бол нураагаад өг гэдэг шийдвэр гаргая. Засах боломжтой байрыг засах компани олдохгүй байхад нураах компани олдох уу гэж асуухад тодорхой шийдвэрт хүрэлгүй уулзалт дууслаа” гэж207 дугаар байрны оршин суугч Г.Ганчимэг ярилаа.
Нураачихдаг юм байж. Шинээр орон сууц барих төсвийг хэн, хэзээ, хэрхэн шийдэх вэ? Хэзээ баригдаж дуусаж, хэзээ өөрийн гэсэн гэр оронтой болох вэ? Энэ асуултад “Орон сууцыг шинээр барих хөрөнгийг дараа жилийн төсөвт суулгана” гэж нийслэлийн удирдлагууд хариулжээ. 207 дугаар байр нийт 4031 квадрат. Метр квадратыг нь барихад 2.5 сая төгрөг зарцуулна гэж тооцоолж шинээр байр барих төсвийг 10 тэрбум гэсэн тоо гаргажээ.
Төсвийг нь шийдчихдэг юм байж, харин байр хэзээ ашиглалтад орохыг “тэнгэр” л мэдэх бололтой. Тиймээс хохирогчид “Шинээр орон сууц барих хөрөнгийг улсын төсөвт суулгаж өгсний дараа л санаа амарна, тэр цагт л нураах ёстой” гэдэг байр суурь илэрхийлж байна.
Осол, хэргийн шалгалтын явц юу болж байна вэ?. Тодруулбал “Мөрдөх байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа” л гэнэ. Шалгаж эхэлсэн, шалгаж байгаа, шалгаж байна….Тэднийг шалгаж байх зуурт хохирогчдын амьдрал юу болж байгаа бол?

207 дугаар байрны 35 тоотод оршин суугч Ц.Аззаяаипотекийн зээлтэй. Ипотекийн зээлийн даатгалтай. Гэсэн ч байрыг нь нураах эсвэл шинээр барих нь тодорхой болохгүй байгаа учраас даатгалаас мөнгө авч чадахгүй байгаагаа учирлалаа.
Өчигдрийн уулзалтын үеэр байрыг нураагаад шинээр баривал ипотекийн зээл хэрхэх вэ гэдэг асуудлыг хөндсөн байна. “Байрыг нураасан ч ипотекийн зээлээ төлсөөр л байна. Учир нь улсын гэрчилгээ нь гараад таны хөрөнгө болсон. Та банкнаас зээл авахаар шийдсэн учраас банктайгаа л харьцана. Улс оролцохгүй, оролцох ч эрхгүй” гэж хариулжээ. Үүнтэй маргах аргагүй.

Хүн бүрд тодорхой мөрөөдөл бий. Бидний мөрөөдөл өмнө байсан амьдралдаа л эргээд хүрэх болж хувирчихсан.
Иймд ипотекийн зээлээ хойшлуулах хүсэлтийг зарим хохирогч Монголын ипотекийн корпорацид гаргасан байна. МИК нөхцөл байдлыг харгалзан үзээд зээл төлөлтөө хойшлуулах боломж олгосон ч харин хүүг нь цаг хугацаандаа төлөх ёстойг сануулжээ. Зээл төлөлтөө хойшлуулсан ч хүүгээ сар бүр төлөх нь ямар ч ялгаагүй гэдгийг хохирогчид хэлж байлаа.
Иргэн Ц.Аззаяа “Бид нэгдүгээр сарын 24-нөөс өмнө амьдралдаа ахиц дэвшил гаргах гээд л явж байсан орох орон, унаа тэрэгтэй хүмүүс байсан. Гэтэл одоо орон гэр, машин ч алга. Өнгөрсөн 6-7 сарын дотор тасралтгүй ажлаа хийж байгаа учраас бидний амьдрал улам чанаржиж байх ёстой шүү дээ. Гэтэл тийм биш.
Хүн бүрд тодорхой мөрөөдөл бий. Бидний мөрөөдөл өмнө байсан амьдралдаа л эргээд хүрэх болж хувирчихсан. Өмнөх амьдралаа олж авахын тулд л хямарч явна. Энэ нь биднээс шалтгаалахгүй байгаа нь биднийг бачимдуулаад байна. Ингээд удаад л, аргацаагаад л байхаар сэтгэл санааны байдал үнэхээр хүнд боллоо. Үүнээс болж өвчилж байна, хаван ихтэй байна, чихний дүлийрэлтэй хүмүүс ч бий. Бүтээмж маш муу. Байр л бодогдоод амьдралын бусад асуудал хаягдаж байна.
Баяр баяр байхаа больсон. Хүмүүс амьдралаас авдаг энгийн таашаалыг ч бид мэдэрч чадахгүй байна. Зарим хүний сэтгэлзүй нь хэвтэрт ортлоо дордож байна шүү дээ” гэлээ.

Хуулийн байгууллага 6 сарын хугацаанд шалгаж байх зуурт хохирогчид өөр, өөрсдийн хэмжээнд шалгаад, судлаад, мэдээд дараах дүгнэлтэд хүрчээ. Тэд дөрвөн буруутан бий гэж үзэж байна. Энэ талаар иргэн Г.Ганчимэг:
- Улс
- Дашваанжил ХХК
- Орон сууцны барилгыг барьсан компани
- Патрол маркийн автомашины жолооч.
УЛС ЯАГААД БУРУУТАЙ ВЭ?
Дашваанжил компанид таван жил хяналт, шалгалт хийгээгүй. Улмаар ашиглалтын хугацаа дууссан шатахуун тээвэрлэх савыг хил, гаалиар зөвшөөрөлгүйн нэвтрүүлээд нэг сард гурван удаа тээвэр хийсэн байна. Тиймээс үүнийг хилээр нэвтрүүлсэн улсын хил, гаалийн ажилтан буруутай. Дараа нь манай байрыг галын орц, гарцгүй байхад хүлээн авсан улсын комисс буруутай. Мөн стандартын бус нарийн замаар хүнд даацын автомашиныг зорчих зөвшөөрөл өгсөн, эсхүл хяналт тавиагүй яам буруутай. Дараа нь халтиргаа, гулгаа үүссэн үед давсаа цацаж замын аюулгүй байдлаа хангаагүй нийслэл буруутай.
ПАТРОЛ МАШИНЫ ЖОЛООЧ ЯАГААД БУРУУТАЙ ВЭ?
Бидэнд Батлан хамгаалах яамны албан тушаалтан байсан гэх мэдээлэл бий. Хэрэв тэр хүн ажлын бус цагаар албаны машинтай, ажил үүргээ гүйцэтгээд явж байсан бол ажил олгогч улс буруутай. Харин ажлын бус цагаар албаны машинтай ажил үүргээ гүйцэтгэж яваагүй бол албаны машин хувьдаа ашигласан буруутай. Тэгэхээр яаж ч бодсон тэр хүнийг шалгахгүй орхих үндэслэл байхгүй. Хэрэв түүнийг шалгах орхисон тохиолдолд бид дараагийн арга хэмжээг авна гэлээ.
Төгсгөлд нь тэд байрныхаа төлөө тэмцээгүй. Энэ улс стандарттай байх ёстой гэдгийг хэлж байна. Бид байраа засуулаад, эсхүл шинээр бариулаад орж болно. Гэтэл зам нь стандартгүй нарийн, шингэрүүлсэн хий зэрэг аюултай ачаагаа ямар ч хяналтгүй тээвэрлээд давхиад л байвал дахин манай байр, дараа өөр нэгний үүдэнд дэлбэрнэ шүү дээ” гэдэг агуулгыг дайлаа.
Эх сурвалж: Gogo.mn