“Монгол, Швейцарын хамтарсан тунхаглал”-д гарын үсэг зурлаа

Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд энэ сарын 2-4-ний өдрүүдэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монголд айлчилж байна.
Айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүнүүд “Монгол, Швейцарын Хамтарсан тунхаглал”-д гарын үсэг зурлаа. Хамтарсан тунхаглалаар 60 жилийн хамтын ажиллагааны ололт, амжилтыг бататгаж, цаашдын чиглэлийг тодорхойлов. “Энхтайвны төлөөх Монгол, Швейцар” хэмээх түүхэн ойн уриа нь хоёр улсын гадаад харилцааны зорилтуудыг тодорхойлсон. Дээд, өндөр түвшний харилцан айлчлал, зөвлөлдөх уулзалт зохион байгуулж, улс төрийн харилцан ойлголцол, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, олон улс, бүс нутгийн тогтвортой байдлын төлөөх санаачилгын хүрээнд хамтрах, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй хамтран тэмцэх, хоёр улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан зорилтуудын хүрээнд хамтын ажиллагааг тэлэхээр тохиров. Хөдөө аж ахуй, эрүүл мэнд, онцгой байдал, боловсрол, спорт, соёлын салбар дахь хамтын ажиллагааг улам баяжуулахаар боллоо.
