Япон улсын Ерөнхий сайд Кишида Фүмио энэ сарын 11-12-нд Монголд айлчилна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн урилгаар Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида 2024 оны наймдугаар сарын 11-12-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Тэрбээр айлчлалын үеэрээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан нарт тус тус бараалхах аж.
Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд Япон Улстай “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, уг түншлэлийн Үйл ажиллагааны 2022-2031 оны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцоход айлчлалын зорилго оршиж байна.