ОЛИМПЫН ТЭТГЭЛЭГ ХҮРТСЭН 9 ТАМИРЧИН “ПАРИС 2024”-Д ӨРСӨЛДӨВ

ОУОХ нь Олимпын наадмын сурталчилгаа болон зохион байгуулалтын үйл ажиллагаанаас олсон орлогын тодорхой хувийг Эв санааны нэгдлээр дамжуулан тамирчдыг дэмжих хөтөлбөр хэлбэрээр олгодог. Үүний дагуу МҮОХ-ноос “Парис 2024” тамирчдын тэтгэлэгт хөтөлбөрт 15 тамирчин хамруулсан билээ. 

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин Олимпын наадмын тамирчдын хотхоноор зочлох үедээ Олимпын эв нэгдлийн сангийн төлөөллүүдтэй уулзаж, цаашдаа хэрэгжүүлж болох төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо. 

“Парис 2024” тэтгэлэгт хөтөлбөрт 8 спортын төрөлд 15 тамирчин хамрагдсан бөгөөд доорх нэр бүхий 9 тамирчин Олимпын эрхээ хүртэж, цаашлаад Олимпын медалын төлөө өрсөлдөж байна. 

Үүнд:

• Чөлөөт бөхийн тамирчин- Д. Отгонжаргал, Т. Тулга, М. Лхагвагэрэл

• Жүдо бөхийн тамирчин- Л. Сосорбарам, Ё. Басхүү

• Буудлага спортын тамирчин- Э. Даваахүү

• Боксын тамирчин- О. Есүгэн

• Хүндийг өргөлтийн тамирчин- М. Анхцэцэг

• Хөнгөн атлетик- Г. Хишигсайхан

ССАЖЗ-ын сайд Ч.Номин дараагийн олимпын наадмуудад хөтөлбөрт хамрагдагсдын тоог нэмэгдүүлэх, эрх авах тамирчдын тоог нэмэгдүүлэх замаар үр дүнг сайжруулах талаар оролцогч байгууллагуудтай хамтран ажиллах хүсэлтээ илэрхийллээ.

Олимпын тэтгэлгийг дасгалжуулалтын зардал, өөрт тохирсон бэлтгэлийн танхимд нэвтрэх эрх, эрүүл мэндийн хяналт, спортын шинжлэх ухааны үйлчилгээ, өвчлөл болон гэмтлийн даатгал, тэмцээний үеийн байр, хоолны зардал, өдөр тутмын хэрэгцээ шаардлага болон “Парис 2024” олимпын эрх олгох тэмцээнтэй холбоотой зардлуудад зарцуулах боломжтой байсан нь манай тамирчдад томоохон дэмжлэг болж байсныг оролцогчид онцолж байв.

Үүнээс гадна ССАЖЗ-ын сайд Ч.Номин олимпын тамирчдад карьер хөгжлийн талаар мэдээлэл, мэдлэг олгох зорилготой Athlete365 хөтөлбөртэй танилцаж, мэдээлэл солилцлоо. Тамирчдын хотхонд зөвхөн тэмцээн уралдаантай холбоотой үйл ажиллагаанаас гадна Дэлхийн допингийн эсрэг агентлагаас допингийн эсрэг сургалт сурталчилгаа, ОУОХ-ны Тамирчдын комиссын гишүүнд тамирчдын санал хураалт болон ОУОХ-ны Эв санааны нэгдлээс хэрэгжүүлдэг төсөл хөтөлбөрийн талаар мэдээллүүдийг холбогдох байгууллагуудаас өдөр бүр олгож байгаа билээ.

1 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
ZOCHIN
1 month ago

OLIMP BOL ZORILGO N EV NEGDEL DAIN DAJINGUI ENH AMGALAN EH DELHII SHUUDEE…. DEER N MONGOL GEDEG NERIIG L DELHIIN CHIMEEND TUNHAGLAH L SHUU…MEDALI BOL DARAACHIINH …. MEDALIIG HARIN DELHII TIVIIN AVARGAD L CHUHALNSHUUDEE…

Back to top button