“Ногоон автобус”-ны гэх хэргийн шүүх хурал өнөөдөр болно
“Ногоон автобус”-ны гэх хэрэгт холбогдсон этгээдүүдийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр 10:00 цагт эхэлнэ.
Нийслэлийн прокурорын газраас “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Худалдан авах ажиллагааны газрын эрх бүхий албан тушаалтнууд 2023 онд нийслэлийн өмчийн хөрөнгөөр 600 ширхэг автобус худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа хууль зөрчиж, бусдад давуу байдал бий болгосон” гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдэн өнгөрөгч гуравдугаар сард шүүхэд шилжүүлсэн.
Нийт 24 хүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/, 22.12 дугаар зүйлийн 1 /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр (2024.07.29) Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. Эл хэргийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид дэнсэлнэ. Харин шүүгдэгчээр, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ, Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхланбаатар, “Тэнүүн-Огоо” компанийн захирал А.Ганхуяг, Худалдан авах ажиллагааны газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга асан Б.Түмэнжаргал, БНСУ-ын иргэн К.Баум, Ж.Соб нар болон:
- Б.Дөлгөөн
- А.Чойжилсүрэн
- Д.Цогтбадрах
- О.Хонгорзул
- Б.Алтаншагай
- Ц.Хадбаатар
- О.Сүхбаатар
- С.Бямбасүрэн
- Ц.Болортуяа
- Ж.Эрдэнэбат
- О.Лувсандавга
- Г.Мишээлт
- Ш.Баярсүх
- Ч.Мөнхбаяр
- Г.Энхтайван
- Б.Мөнхболд
- Б.Баярмаа нарын 24 хүний нэр бий. Харин тэдний өмгөөлөгчөөр 30 гаруй хүн ажиллаж байна.