Алтны үнэ унц нь $2500 давж, дахин шинэ дээд түвшинд хүрлээ
Алтны үнийн өсөлт үргэлжилж, унц нь 2700 ам.доллар давна гэж “TD Securities”-ийн шинжээчид тооцоолж байна
Баасан гарагт унц нь 2500 ам.доллар хүрээд байсан алтны үнэ даваа гарагийн байдлаар 0.1 хувиар өсөж, унц нь 2506 ам.долларт арилжаалагдаж байна.
Томоохон Төв банкнууд энэ онд их хэмжээний худалдан авалт хийснээр алтны үнэ 20 гаруй хувиар өсөөд байгаа юм. Түүнчлэн Ойрх Дорнодод үүсээд буй хурцадмал байдал, ОХУ-ын Украинтай хийж буй дайн зэрэг геополитикийн эрсдэл нэмэгдэж байгаатай холбоотойгоор алтны эрэлт нэмэгдэж байгаа аж.
Сүүлийн үед АНУ-ын эдийн засгийн мэдээллүүдээс харахад тус улсын Төв банк сүүлийн 20 жилд байгаагүй өндөр дүнгээр бодлогын хүүгээ бууруулна гэсэн хүлээлт зах зээлд бий болоод байна. Тухайлбал: АНУ-ын орон сууцны зах зээлийн мэдээлэл хүлээлтээс доогуур байсан нь Холбооны Нөөцийн банкнаас бодлогын хүүгээ ойрын хугацаанд, өндөр дүнгээр бууруулж магадгүй гэсэн хүлээлтийг бататгалаа. Хэдий тийм боловч мэдээллүүд нь зөрчилдөөнтэй байгаагаас шинжээчдийн дунд маргаан өрнөөд байгаа юм.
“TD Securities”-ийн Түүхий эдийн стратеги хариуцсан тэргүүн Барт Мелек “Алтны хөрөнгө оруулагчид Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ өндөр дүнгээр танана гэж бодох хандлагатай байгаа”-г онцоллоо. Мөн макро эдийн засаг болон бодлогын хүү буурч буй нь давхцаж байгаа тул алтны үнэ ирэх улиралд унц нь 2700 ам.доллар хүрч өсөх магадлалтай гэж үзэж байна.
Эх сурвалж: Bloomberg.mn