Скүүтер, сурроныг А үнэмлэхтэй иргэд ашигладаг байхаар ЗХД-д тусган хэлэлцэж байна

Хууль зүй, дотоод хэргийн яам цахилгаан скүүтер, суррон дугуй, моторт тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол гэмтлийг судалж, эрх зүйн орчныг сайжруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн санал дүгнэлтийг хэлэлцэх, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр санал солилцох уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хамтарсан тушаалаар цахилгаан скүүтер, суррон дугуй, цахилгаан моторт тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийг судалж, эрх зүйн орчныг сайжруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан.

Ажлын хэсэг дээрх төрлийн тээврийн хэрэгслийн олон улсын болон дотоодын нөхцөл байдал, хууль эрх зүйн зохицуулалтыг судалж, иргэдийн аюулгүй, амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, зам тээврийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлуулах болон Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулах зэрэг санал дүгнэлтийг гаргасан.

Тухайлбал, скүүтер мопидын дүрмээр, суррон мотоциклын дүрмээр замын хөдөлгөөнд оролцоно. Тиймээс тээврийн хэрэгслийг жолоодох этгээдийн насны хязгаар тогтоож, 18 насанд хүрсэн, жолоодох эрхийн А үнэмлэхтэй хүн дээрх хэрэгслээр хөдөлгөөнд оролцоно. Мөн суррон зэргийг бүртгэлжүүлэх, дугаар олгох ажлыг эхлүүлэх санал боловсруулж, Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулжээ.

Өөрчлөлтийг олон нийтээр хэлэлцүүлнэ. Хэлэлцүүлэх хугацаа 30 хоног бөгөөд үүний дараагаар хэрэгжилт эхэлнэ гэдгийг мэргэжилтнүүд тодотгов.

Тус хэлэлцүүлгийн үр дүнд:

  • Санал, шүүмж, зөвлөмж, дүгнэлтийг Ажлын хэсгийн судалгаанд нэгтгэж, хуулиар хүлээсэн чиг үүрэг бүхий байгууллагуудад хүргүүлнэ.
  • Шаардлагатай эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох төсөл боловсруулж, шийдвэрлүүлнэ.
  • Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан энэ төрлийн гэмт хэрэг, зөрчил, ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхээр болов.

Эх сурвалж: ХЗДХЯ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button