Б.Жавхлан Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллана
Ерөнхийлөгчийн Иргэний нийгмийн бодлого, төсөл хөтөлбөрийн зохицуулалт хариуцсан зөвлөхөөр Баярсайханы Жавхлан ажиллахаар болжээ.
Б.Жавхлан нь Монголын Олон улсын их сургуулийг Олон улсын бизнесийн удирдлага, Баруун хойд Швейцарын Шинжлэх ухааны их сургуулийг Олон улсын менежментийн магистрын зэрэгтэй төгссөн байна. Тэрбээр 2006-2011 онд хилийн чанадад:
- АНУ-ын Калифорни мужид LTC Solutions компанид дадлагажигч,
- Сингапур улсын SingTel Telecommunications компанид бизнесийн мэдээллийн шинжээч,
- Дэлхийн банканд гүйцэтгэх ажилтан,
- Швейцарын Женев хотод НҮБ-ын Европын Эдийн засгийн комисст ажиллажээ.
2015 оноос УИХ-ын Тамгын газарт референт, Монголын бизнесийн зөвлөлийн гүйцэтгэх захирал болон зөвлөх, “Саусгоби Сэндс” ХХК-ийн нийгмийн хариуцлага, олон нийттэй харилцах ажилтан, Азийн хөгжлийн банкны Ойн салбарыг хөгжүүлэх хөтөлбөрийн судлаач, орчуулагч зэрэг ажлыг хийсэн туршлагатай юм байна.