Ирэх онд Нарантуул захын дөрвөн замын уулзварын нүхэн гарцыг барина

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд нийслэлийн дөрвөн байршилд авто замын доогуур нүхэн гарц байгуулахаар болж, үүний нэг Таван шарын нүхэн гарцын авто замын хөдөлгөөнийг өчигдөр нээсэн.

Харин Нарантуул захын дөрвөн замын уулзварын нүхэн гарцыг 2025 онд барина гэдгийг Хотын дарга Х.Нямбаатар хэлсэн. Эдгээр нүхэн гарцууд ашиглалтад орсноор Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөн төмөр замын хөдөлгөөнтэй давхцахгүй болж, түгжрэл тодорхой хувиар буурах тоон судалгаа байгаа юм.

Таван шарын нүхэн гарцын бүтээн байгуулалтын ажлыг анх 2023 оны долоодугаар сарын 5-нд эхлүүлсэн. Хотын дарга Х.Нямбаатар “Таван шарын нүхэн гарцыг 2024 онд багтаан ашиглалтад оруулна” хэмээн хэлсний дагуу есдүгээр сарын 14-нд нүхэн гарцын авто замын хөдөлгөөнийг нээж, аравдугаар сард бүрэн хүлээлцэж өгөх хуваарьтай байна.

Түүнчлэн тус нүхэн гарцын бүтээн байгуулалтыг хийхийн тулд Таван шар орчимд нийт 22 байршилд газар чөлөөлж, ажлын талбайг гаргаж байв.

Таван шарын нүхэн гарцын бүтээн байгуулалтыг БНХАУ-ын Эксим банкны хөнгөлөлттэй зээлээр байгуулсан бөгөөд үргэлжлүүлэн Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн төмөр замын зоорийн нүхэн гарцын ажил арав, арваннэгдүгээр сард дуусна.

Эх сурвалж: НЗДТГ, ХМОНХХ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button