Болц гүйцээгүй үед самар түүхгүй байхыг анхааруулж байна

Хуш модны самрыг аравдугаар сарын 20-ноос дараа оны хоёрдугаар сарын 1-ний хооронд түүхийг зөвшөөрдөг.

Ингэхдээ дунд ургацтай жилд зөвхөн ахуйн зориулалтаар, их ургацын жилд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар тусгай зөвшөөрлийн дагуу түүж бэлтгэхийг зөвшөөрдөг ажээ.

Ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн санал,  дүгнэлтийг үндэслэн ойн дагалт баялгийг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах дээд хэмжээг аймаг, нийслэл, сум, дүүрэг тус бүрээр тухайн оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дотор тогтоодог.

Болц гүйцсэн боргоцой нь аравдугаар сараас эхлэн газарт унаж эхэлдэг ба журмын дагуу иргэд ахуйн зориулалтаар 50 кг хүртэл хэмжээтэй самрыг 1 кг тутамд 1000 төгрөгөөр тооцон төлбөр төлж тухайн нутаг дэвсгэрийн БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧААС эрхийн бичиг авсны үндсэн дээр аравдугаар сарын 20-ноос эхлэн түүх боломжтой юм.

Хуш модны самрыг болц гүйцээгүй үед нь түүх, их хэмжээгээр зүй, зохисгүй бэлтгэх нь ой хортон шавжид нэрвэгдэж ургалтгүй болох, экосистемийн тэнцвэрт байдал алдагдаж улмаар самраар хооллогч шувуу, мэрэгчид болон амьтдын хүнс тэжээлд сөргөөр нөлөөлөх гол шалтгаануудыг үүсгэдэг байна.

Зөвшөөрөгдсөн хугацаанаас өмнө хуш модны самар түүх, бэлтгэх, худалдан борлуулах зөрчил гаргасан иргэд, хуулийн этгээдэд Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Ойн тухай хууль, Байгалийн ургамлын тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хууль болон холбогдох дүрэм журмын дагуу арга хэмжээ авч байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button