Хөгжлийн бэрхшээлтэй 600 гаруй иргэдэд хиймэл хөл үнэ төлбөргүйгээр хийж өглөө
Энэтхэг улсын засгийн газар монгол улсын хөгжлийн бэрхшээлтэй 600 гаруй иргэд хиймэл хөлийг үнэ төлбөргүйгээр хийж өглөө.
БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн ерөнхий газартай хамтран өчигдөр “Жайпурын фут төсөл”-ийг “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв”-д албан ёсоор эхлүүллээ. Төслийг Энэтхэгийн Засгийн газрын Гадаад хэргийн яамнаас бүрэн санхүүжүүлсэн.
Төсөл нь Энэтхэгийн нэр хүндтэй байгууллага болох Бхагван Махавир Викланг Сахаята Самити (BMVSS)-ээр дамжуулан 50 хоногийн хугацаатай хэрэгжиж байна. BMVSS нь 21 оронд Жайпурын хиймэл хөлийн төслийг амжилттай хэрэгжүүлж, 2 сая гаруй хүнд хиймэл эрхтэн, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлж үр шимийг нь хүртээжээ. Протез хийх технологи нь хөнгөн, хэрэглэхэд хялбар, өмсөхөд эвтэйхэн ба “Rapid Fit” арга нь хөтөлбөрийн үр ашгийг улам нэмэгдүүлж, олон ашиг хүртэгчдэд цаг тухайд нь тусламж үзүүлэх боломжийг олгодог юм.
Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төв, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн протезийн хөгжлийн төв зэрэг орон нутгийн протез, ортопедийн салбарын мэргэжилтнүүд Энэтхэгийн мэргэжилтнүүдтэй хамтран эдийн засгийн үр ашигтай төсөлд шинэ ур чадвар, технологи эзэмшүүлэхээр ажиллаж байна. Төслийн хүрээнд өдөр бүр 15 орчим хүнд хиймэл хөлний протез хийлгэхээс гадна протезийн арчилгаа, нөхөн сэргээх арга техник, хөдөлгөөний эмчилгээ, гэмтлийн дараах стрессийг удирдахад дэмжлэг үзүүлэх чиглэлээр сургалт явуулах зорилготойгоор ажиллаж байна.