Юу хийх гэж ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ болдог вэ?

Амжилтад хүрэх гэж биш ажилдаа амжихын тулд өглөөний 5 цагт босож, олдсон автобусандаа чихэлдсээр түгжрэлд өдрийг өнгөрүүлж байна. Энэ бол иргэдийн нэг өдрийн амьдрал.

Алхах явган зам хомс, дугуй, мотоциклын замгүй хотод бид амьдарч буй. Гэхдээ бидэнд амар тайван ажиллаж, амьдрах эрх бий. Жилийн жилд солих бордюр, анги дүүргэлт нь их, ачааллаа дийлэхгүй сургууль, цэцэрлэгийн асуудлууд ундарсаар. Тэгвэл энэ асуудлуудыг хэн шийдэх вэ. Ерөнхийдөө, иргэдийн өдөр тутмын амьдралд тулгараад буй асуудлыг Иргэдийн төлөөлөгчид хуралдаад шийдэж чадах эрх мэдэлтэй хүмүүс.

Жишээлбэл, танай хорооны хаана, ямар сургууль, цэцэрлэг байх уу, байрны тань гадаах нийтийн эзэмшил ямар хэмжээтэй, хаана байх зэргийг шийднэ. Мөн тухайн аймаг, дүүрэг, сум, нийслэлийн Засаг даргатай хэлэлцэн төсвийг нь хүртэл шийдээд баталчихдаг.  

Тиймээс таны амьдарч буй хороонд сургууль, цэцэрлэг хомс, явган болон авто зам нь эвдрэлтэй эсвэл байхгүй бол УИХ-ын гишүүн бус Иргэдийн төлөөлөгчдөөс нэхэж, шаардах хэрэгтэй.  

2024 оны Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчийн хурлын сонгууль аравдугаар сарын 11-нд болно. Юун түрүүнд энэ жил Монгол улс даяараа 8031 төлөөлөгчийг сонгоно. Үүнээс нийслэлд 45 төлөөлөгч сонгогдох юм. Тэгвэл иргэдийн төлөөлөгч юу хийдэг вэ.

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргадаг журмуудаас дурдвал,

  • амьтны хүрээлэн ажиллуулах журам;  
  •  мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсийн хил хязгаарыг тогтоох, хориглосон бүсэд нэвтэрсэн малыг түр хадгалах, түүнтэй холбогдон гарсан зардлыг нөхөн төлүүлэх журам;  
  • оршуулгын үйл ажиллагаа эрхлэх, зохион байгуулах, оршуулгын үйл ажиллагааны жишиг үнэ, зөвшөөрөлтэй оршуулгын газар болон зөвшөөрөлгүй газар оршуулсан шарилыг шилжүүлэх журам;  
  •  нийтийн эзэмшлийн гудамж, талбайн гэрэлтүүлэг, кабелын шугамын ашиглалт, үйлчилгээний журам;  
  •  инженерийн бэлтгэл ажлын төлөвлөлт, ашиглалт, хамгаалалтын журам.  
  •  ганц бие орон гэргүй, эсхүл түр байрлуулах газарт байсан иргэн нас барсан,
  • Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.2-т заасан нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн нас барсан тохиолдолд гэр бүл, эсхүл төрөл, садны хүн хүсэлт гаргасан бол оршуулах үйл ажиллагааг зохион байгуулах, санхүүжүүлэх журмыг тусгажээ.

Сум, дүүргийн ИТХ нь доорх үндсэн 4 хүрээнд шийдвэр гаргах бүрэн эрхтэй байна. Үүнд:

1. Хурлын зохион байгуулалт, хяналт шалгалтын талаар

Хурлын төлөөлөгчид, хурлын дарга, хурлын тэргүүлэгчид, засаг даргатай холбоотой асуудлуудаар сонгох, өөрчлөх, чөлөөлөх, огцруулах зэрэг асуудлаар шийдвэр гаргах. Хууль тогтоомжийн хүрээнд төсөв батлах. Тодорхой тохиолдолд хурлын тэргүүлэгчдийн шийдвэрийг хүчингүй болгох. Засаг даргын үйл ажиллагааг шалгах, үнэлгээ өгөх.

2. Нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн талаар

Засаг даргын өргөн мэдүүлснээр төсөв хэлэлцэх, нэмэлт өөрчлөлт оруулах. Орон нутгийн хэмжээнд зарим төрлийн татвар, төлбөр, хураамжийн хэмжээг тогтоох (хуульд заасан хязгаар, шаардлагад нийцүүлэн). Нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах, үржил шимийг нь дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалах бусад арга хэмжээний цогцолбор хөтөлбөрийг батлах. Нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай Засаг даргын саналыг хэлэлцэн шийдвэрлэх. Мөн, тухайн нутаг дэвсгэр дээр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл, арга хэмжээ нь хүн ам, мал, амьтны эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхээр бол энэ талаар хууль тогтоомжийн хүрээнд журам тогтоож мөрдүүлэх.

3. Орон нутгийн өмчийн талаар

Орон нутгийн өмчийн хувьд өмчлөгчийн эрх хэрэгжүүлэх, эзэмших, ашиглах, захиран зарцуулах. Орон нутгийн өмчийн талаар засаг даргын хэрэгжүүлэх эрх хэмжээг тогтоох, түүнд хяналт тавих. Орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд байгуулах, хяналт тавих, татан буулгах болон бусад эрх. Орон нутгийн нийтийн зориулалттай өмчлөлийн зүйлсийг бусдад эзэмшүүлэх, ашиглуулах

4. Хуульд заасан бусад асуудлаар шийдвэр гаргах.

Харин аймаг, нийслэлийн ИТХ нь сум, дүүргийн ИТХ-ын эрх хэмжээг өөрийн нутаг дэвсгэрийг хамрах хүрээнд хэрэгжүүлэхээс гадна дараах 3-н хүрээнд эрх хэмжээг хэрэгжүүлдэг байна. Үүнд:

  • Орон нутгийн буюу тухайн аймаг, нийслэлийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг хувьчлалаас гадуур худалдах, шилжүүлэх талаар Засаг даргын өргөн мэдүүлсэн саналыг хэлэлцэж шийдвэрлэх;
  • Орон нутгийн өмчийг хувьчлах бодлого, чиглэл, хувьчилж үл болох орон нутгийн өмчийн жагсаалтыг Засаг даргын өргөн мэдүүлснээр хэлэлцэж батлах, түүнд өөрчлөлт оруулах;
  • Хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

Харин хуулиар аливаа нэг тодорхой бүрэн эрхийг зөвхөн сум, дүүргийн ИТХ-д олгосон байвал тухайн асуудлаар аймаг, нийслэлийн ИТХ нь сум, дүүргийн ИТХ-ын зөвшөөрөлгүйгээр тухайн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхийг хориглодог байна.

Эцэст нь, бидний эрүүл аюулгүй орчинд амьдрах, өдөр тутамд тулгамдаад буй асуудлуудыг шийдэх хүмүүс бол иргэдийн төлөөлөгчид тул сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна. 

Эх сурвалж: Gogo.mn

1 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Зссссс
5 days ago

Хийвэл барагдашгүй их бас чухал ажилтай хүмүүс байх нь, даанч мөнгө өөртөө хийх, цаашаа том дарга болох л зорилготой дэвшдэг юмаа даа

Back to top button