333 нуур байгуулах санаачилгаа танилцууллаа

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 16-р бага хурал (сор16) үргэлжилж байна. Байгаль хамгаалах олон улсын нийгэмлэг (IUCN)-ээс зохион байгуулсан “Байгальд суурилсан шийдлээр дамжуулан Риогийн 3 конвенцын хэрэгжилтийг дэмжих нь” өндөр түвшний арга хэмжээнд БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э. Баттулга Монгол Улсаа төлөөлөн панелистаар оролцлоо.

Арга хэмжээг нээж тус байгууллагын Ерөнхийлөгч хатагтай Разан Мубарак, НҮБ-ын Биологийн олон янз байдлын конвенцын Гүйцэтгэх Нарийн бичгийн дарга хатагтай Астрид Шомакер нар үг хэлж, панел хэлэлцүүлэгт Монгол, БНХАУ, Иордан, Египт, Узбекистаны сайд нар болон БНФУ-ын төлөөллүүд оролцож байгальд суурилсан шийдлийг хэрэгжүүлж буй сайн туршлага, сорилт бэрхшээлүүдээ танилцуулан хэлэлцлээ.

Монгол Улс байгальд суурилсан шийдлийг хэрэгжүүлэх чухал нөөцтэй улс болохын хувьд Тэрбум мод хөдөлгөөнөөр дамжуулан газрын доройтлыг бууруулах, гадаргын ус ашиглалтыг нэмэгдуулэх, ус урсацын тохиргоо хийж усан сангууд байгуулах “333 нуур” байгуулах санаачилгыг  танилцуулав.  Мөн Монгол Улс бодлого төлөвлөлт болон хэрэгжилтийн түвшинд Риогийн гурван конвенцын уялдааг хангуулахад хүчин чармайлт гаргахаар хичээн ажиллах талаар илэрхийллээ.

Эх сурвалж: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button