₮75 саяар Баруунтуруун сумын 300 хүүхэд чөлөөт цагаа өнгөрүүлэх газартай болов
“Сурагчийн дотуур байрыг тохижуулснаар Увс аймгийн Баруунтуруун сумын 300 хүүхэд чөлөөт цагаа бүтээлчээр өнгөрүүлэх газартай болов” хэмээн Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.
Тодруулбал, Хүүхдийн хөгжлийн төв тохижуулах ажлыг Нийслэлийн ерөнхий боловсролын 74-р сургууль болон Увс аймгийн Баруунтуруун сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд хэрэгжүүлсэн нь энэ аж.
Дотуур байрыг НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр буюу 75 сая төгрөгөөр тохижуулсан байна.
Ингэхдээ “ЕБС-ийн сурагчдын дотуур байрын орчин, үйлчилгээ, ерөнхий шаардлага MNS 6781:2019” стандартын дагуу тохижуулсан талаар мэдээлээд хүүхдийн хөгжлийн жишиг төв болгон тохижуулсан хэмээн онцолжээ.
Энэ нь БШУ-ны сайдын 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн А/135 дугаар тушаал бөгөөд Ерөнхий боловсролын сургууль болон мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын дотуур байрын орчин, үйлчилгээг сайжруулах арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан ажил гэв.