Г.Батцэнгэл: Агаар сэлгэх чухал. Гэхдээ агаарыг хэт чийгшүүлэх аюултай

ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн Нярайн эмгэг судлалын тасгийн эрхлэгч Г.Батцэнгэл өвчлөлийн байдлын талаар мэдээлж, нярай, хөхүүл хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагч нарт зориулан зөвлөмж өглөө.  

Тэрбээр “Манай тасагт өнөөдрийн байдлаар 76 хүүхэд эмчлүүлж байгаагаас 22 нь амьсгалын замын ямар нэг эмгэгтэй, уушгины хатгалгаа болон түүний хүндрэлийн улмаас хэвтэн эмчлүүлж байна. Эдгээр 22 хүүхдийн 15-д нь хүчил төрөгч эмчилгээ шаардлагатай, амьсгалын дутагдлын шинж илэрч байгаа. Амьсгалын замын эмгэгтэй хүүхдүүдийн 75 хувь нь дутуу, бага жинтэй буюу 37 долоо хоногоос өмнө эхээс төрсөн, 2 кг-аас доош жинтэй байна.

Фэйсбүүк групп нээж, бие биедээ хувьчилсан байдлаар зөвлөгөө өгч буй нь эрсдэл дагуулж байгаа.

Эцэг, эхчүүдэд хандаж хэлэхэд ээжүүд маань төрсөн оноороо “Тэдэн онд төрсөн хүүхдүүдийн ээжүүд” гэх мэтчилэн групп нээж, бие биедээ хувьчилсан байдлаар зөвлөгөө өгч буй нь эрсдэл дагуулж байгаа. Миний хүүхдэд эм тохирч байсан, нас, төрсөн он нь ижил юм чинь танай хүүхдэд ч энэ эм тохиромжтой гэх мэтээр зөвлөдөг.

Ах, эгчид нь ийм тунгаар уулгаж байсан юм чинь нярайдаа тунг нь хувааж өгөх зэргээр дур мэдэн эм, эмийн бэлдмэл хэрэглэж хүүхдийн биеийн байдал хүндрэх нөхцөл үүсгэж буй асуудлууд байна. Нийлмэл найрлагатай эмийн бэлдмэл дотор гүнзгий хордлого үүсгэж болзошгүй эм байх нь ч бий.

Асран хамгаалагчид өөрсдийн дадал, зуршилд анхаарах хэрэгтэй байна. Жишээ нь, идэвхгүй тамхидалт хүүхдийг өвчлөлийн хүндрэлд өртөх, олон эрхтний дутмагшилд хүргэх үндэслэл болдог. Мөн гарын ариун цэвэр маш чухал. Зөв найтаах, зөв ханиах дадал зуршлыг хүн болгон дор бүрнээ хичээх хэрэгтэй байна.

Агаар сэлгэх чухал. Гэхдээ агаарыг чийглэх гээд хүйтнээр үлээдэг агаар чийгшүүлэгчийг ихээр хэрэглэж байна. Манайд хэвтэж буй ээжүүд түүнийгээ аваад ирэх нь ч бий. Хэт чийглэг агаар эргээд өвчин үүсгэгчийг агаарын орчинд тархах, халдвар дамжих эрсдэлийг нэмэгдүүлдэг. Тиймээс агаарын чанарын чийгшлийг хэмжих чухал. Агаар 70 хувиас дээш чийгшилтэй байх нь эргээд эрсдэлтэй нөхцөл үүсгэдэг гэсэн судалгаа бий” гэж зөвлөлөө.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button