“Иргэний үнэмлэхийн QR болон апликейшнаар нүүрсээ худалдан авах боломжтой”

Угаарын хийн хордлого, галын аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр нийслэлийн Онцгой байдлын газар, Тавантолгой түлш ХХК, “Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв” ОНӨААТҮГ-аас хамтарсан мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Д.Хадбаатар “Он гарснаас хойш гарсан объектын гал түймрийн 65 орчим хувь нь гэр хороололд бүртгэгдсэн. Гал гарч буй шалтгаан нөхцөлийн 50 гаруй хувь нь яндан, пийшин зуух болон цахилгааны аюулгүй байдалтай холбоотой байна.
Аюулгүй байдлыг хангуулах үүднээс “Сэргийлье, хамгаалъя” нэгдсэн арга хэмжээг эхлүүлж байна. Энэ арга хэмжээ яндангаа хөөлье, галлагаа эхэллээ, өрхийн аюулгүй байдлыг хангая гэх зэрэг дөрвөн үе шаттай. Гэр хорооллын айл өрхүүдэд хяналт, шалгалт хийж, заавар, зөвлөмж өгч ажиллах юм” гэв.
“Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв” ОНӨААТҮГ-ын албан хаагч “Манайх энэ онд бие даасан байгууллага болсон. Манай байгууллага нийслэлийн 7 дүүргийн 176 мянган өрхийг угаарын хийгээс урьдчилан сэргийлэх, сургалт зохион байгуулах, яндан пийшин шалгах, янзлах, заавар өгөх, угаарын хий мэдрэгчийг шалгах зэргээр ажиллах юм. Мөн угаарын хийн мэдрэгчээс дохио ирсэн даруйд айлын хаалгыг тогшин авран хамгаалах үйл ажиллагаа эрхэлдэг” гэлээ.
Тус байгууллага нийт 575 ажилтантай аж.
Он гарснаас хойш 22 хүн угаартжээ. Гэхдээ угаартсаны улмаас амь нас эрсдээгүй гэдгийг мэдээлэв. Мөн энэ жил иргэд нүүрсээ “Сайн” картаа уншуулж авна. Мөн нэмээд иргэний үнэмлэхийн QR уншуулахаас гадна апликейшнаар худалдан авах боломжийг бүрдүүлж буй юм байна.