“Говь” ХК-ийн хязгаарлагдмал хариуцлагатай компани болох ажиллагааг зогсоолоо

“Говь” ХК нь 2025 оны есдүгээр сарын 8-ны өдөр компанийн хэлбэрийг өөрчилж, хязгаарлагдмал хариуцлагатай компани (ХХК) болох шийдвэр гаргасан байна. Үүнтэй холбогдуулан Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-ноос газар дээрх хяналт шалгалт хийж, уг ажиллагааг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргажээ.
Хяналт шалгалтаар тогтоосноор, “Говь” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2019 онд “Гоёо” ХХК-ийн хувьцааг “Таван Богд холдингс” ХХК-аас 15 сая ам.доллараар худалдан авах, мөн тус компанийн 101.5 тэрбум төгрөгийн зээлийг шилжүүлэн авах шийдвэр гаргаж байжээ.
Үүний дагуу “Говь” ХК 2019–2024 оны хооронд нийт 161.7 тэрбум төгрөгийн төлбөрийг холбогдох байгууллагуудад төлж барагдуулсан байна. Гэвч энэхүү шийдвэрийг гаргахдаа компанийн санхүү, үйл ажиллагаа, хөрөнгийн үнэлгээ зэрэгт нарийвчилсан судалгаа, аудитын хорооны дүгнэлт хийгээгүй, хөндлөнгийн үнэлгээ аваагүй нь соёл зөрчилтэй хэлцэл хэмээн дүгнэгджээ.
Мөн “Гоёо” ХХК-ийг нэгтгээгүй атлаа түүний өрийг хариуцаж төлсөн нь хууль зөрчсөн үйлдэл гэж СЗХ үзсэн байна. Үүнээс үүдэн “Говь” ХК-ийн өр төлбөр, зардал өсөж, ашиггүй ажиллах, ногдол ашиг тараах боломжгүй болох нөхцөл бүрджээ.
2025 оны 10 дугаар сарын 24-ний байдлаар “Говь” ХК-ийн зах зээлийн үнэлгээ 178.2 тэрбум төгрөг, харин компанийн 2025 оны II улирлын тайлангаар 388.7 тэрбум төгрөгийн өр төлбөртэй байгаа аж.
СЗХ-ны шалгалтаар, 2019 оноос хойш компанийн авсан 228.3 тэрбум төгрөгийн зээлийн 31.8 хувь буюу 72.7 тэрбум төгрөгийг зориулалтын дагуу ашигласан бөгөөд үлдсэн хэсгийн зарцуулалт тодорхойгүй байна гэж тогтоожээ.
Хорооны зүгээс “Говь” ХК-д дараах үүрэг, даалгавар өгсөн байна. Үүнд:
- Илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах
- Компанид учруулсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх
- Өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх
- Санхүү, үйл ажиллагааны нөхцөл байдлыг сайжруулсны дараа хөндлөнгийн үнэлгээ хийлгэх
Эдгээр арга хэмжээг бүрэн хэрэгжүүлж, 25 мянга гаруй жижиг хувьцаа эзэмшигчдийн (10.3%) эрх ашиг хамгаалагдах хүртэл компанийн хэлбэр өөрчлөх ажиллагааг СЗХ зогсоохоор шийдвэрлэсэн байна.
Санхүүгийн зохицуулах хорооноос онцолсноор, “Говь” ХК нь нээлттэй хувьцаат компанийн хувьд үнэт цаасны зах зээлийн холбогдох хуулийн дагуу бүх төрлийн мэдээллийг олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлэх үүрэгтэй хэвээр юм.
Thanks for sharing. I read many of your blog posts, cool, your blog is very good.