Айл өрхийн яндангаас гарах утааг дроноор хянаж байна

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газраас холбогдох ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Тухайлбал, энэ сараас эхлэн Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт өглөөний 08:00-09:00 цаг, оройн 20:00-21:00 цагийн хооронд дрон ашиглан хяналт шалгалт хийж байна. Энэхүү хяналтаар аж ахуйн нэгж, байгууллага болон айл өрхүүдийн яндангаас гарч буй утааг илрүүлэх, агаарын бохирдлын түвшинг хэмжих зорилготой.
Хяналтын дрон нь нэг удаагийн нислэгээр 3-4 км радиуст орчныг бүрэн хянах боломжтой бөгөөд цаашид энэхүү судалгаа, хяналтын ажлыг өргөжүүлж, агаарын бохирдлыг бууруулах бусад арга хэмжээнүүдтэй уялдуулан хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.