Монгол–Хятадын хамтын ажиллагааг шинэ шатанд хүргэх асуудлыг Москва дахь уулзалтаар хэлэлцэв

Ерөнхий сайд Г.Занданшатар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай Москва хотноо хоёр талын уулзалт хийв.

Уулзалтын үеэр Ерөнхий сайд хоёр улсын хөгжлийн бодлого, бүтээн байгуулалтын төлөвлөлтийг уялдуулах нь нэн чухал гэдгийг онцолж, Шивээхүрэн–Сэхээ, Ханги–Мандал, Бичигт–Зүүнхатавч чиглэлийн хил дамнасан төмөр замын төслүүдийг үе шаттайгаар урагшлуулахад Монгол Улс бэлэн байгаагаа илэрхийлэв.

Мөн Монголын нүүрсний экспортыг нэмэгдүүлж 100 сая тоннд хүргэх, хоёр улсын худалдааны бүтцийг төрөлжүүлэх зорилгоор хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний хорио цээрийн протоколын тоог нэмэгдүүлэх, ингэснээр худалдааны хэмжээг 20 тэрбум ам.долларт хүргэх саналыг дэвшүүллээ.

Өөрийн зүгээс Ли Чян Монгол–Хятадын харилцаа урт хугацаанд тогтвортой хөгжих болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, Хятадын өргөн том зах зээл Монгол Улсад үргэлж нээлттэй гэдгийг тэмдэглэв.

Талууд мөн Монгол, Хятад, Оросын төрийн тэргүүн нар тохирсон ОХУ-аас БНХАУ руу Монголын нутгаар дамжуулан байгалийн хий дамжуулах хоолойн төслийг түргэвчилж урагшлуулахын ач холбогдлыг онцлон ярилцлаа.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button