Сандал, ширээ байхгүй 12 сургууль байна

Нийслэлд энэ онд боловсролын салбарт олон том ажил өрнөж, нийт 139 төсөл хэрэгжиж байна. Үүний хүрээнд 7 сургууль, 19 цэцэрлэг, 7 бага сургууль ашиглалтад орсон ч бодит байдал дээр зарим нь өнөөдрийг хүртэл хүүхдүүдээ хүлээж авч эхлээгүй, бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжгүй хэвээр байгаа талаар НЗД-ын орлогч А.Амартүвшин мэдээлэв.
Тэрээр жишээ татан хэлэхдээ, Хан-Уул дүүргийн 1-р хороонд 2020 оноос эхэлсэн 240 ортой цэцэрлэгийн барилга саяхан ашиглалтад орсон ч үйл ажиллагаагаа хараахан эхлээгүй байгааг дурдлаа. Мөн олон жил гацсан 62-р сургуулийн өргөтгөлийг нийслэл шийдвэрлэн ашиглалтад оруулсан ч 25 ангитай барилгын зөвхөн 12 анги нь л тохижилттой, үлдсэн 13 нь сандал, ширээгүй хоосон хэвээр байна. Ийм нөхцөл байдалтай 12 сургууль, мөн тоног төхөөрөмжийн шийдэл нь хүлээгдэж байгаа 8 цэцэрлэг байгаа гэнэ.
Гэсэн ч нийслэл ирэх жилүүдийн томоохон төлөвлөгөөг гаргасан байна. 2026 оны улсын төсвөөр 10 сургууль, цэцэрлэг шинээр баригдахаар тусгагдсан бол нийслэлийн өөрийн төсөвт дахин 11 барилгын санхүүжилтийг суулгахаар төлөвлөжээ. Мөн 33 барилгын газар чөлөөлөлтийн ажил үргэлжилж байгаа бөгөөд 2026–2027 онд нийт 84 сургууль, цэцэрлэгийг ашиглалтад оруулах төлөвтэй байна.
Эдгээр ажил хэрэгжсэнээр нэг ангид ногдох хүүхдийн тоо буурч, сургуулийн хүртээмж мэдэгдэхүйц нэмэгдэнэ гэж орлогч дарга онцлон хэллээ.