Цаг агаарын температур олон жилийн дунджаар байна

Цаг уурын байгууллагаас гаргасан ирэх улирлын төлөвөөр агаарын дундаж температур ихэнх хугацаанд ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байх боловч нэгдүгээр сард нутгийн баруун өмнөд хэсгээр дунджаас дулаан, гуравдугаар сард нутгийн зүүн өмнөд хэсгээр дунджаас хүйтэн байх төлөвтэй байна.
Харин хур тунадасны хувьд нэгдүгээр сард нутгийн баруун өмнөд хэсгээр дунджаас бага, төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр дунджаас ахиу, хоёрдугаар сард нутгийн баруун хойд хэсгээр, гуравдугаар сард нутгийн зүүн өмнөд хэсгээр дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.
Өвлийн саруудад төв болон зүүн аймгуудын нутгаар цас ахиу орж, цасны зузаан нэмэгдэх хандлагатай байгаа ба хаврын саруудад дээрх бүс нутагт хүйтэн байх төлөв ажиглагдаж байгаа тул эрс хүйтрэлт, цасан шуурга зэрэг цаг агаарын болзошгүй аюулаас сонор сэрэмжтэй байж, богино хугацааны цаг агаарын урьдчилсан төлөвийг байнга авч ашиглан, ажлаа төлөвлөхийг зөвлөж байна.
Эх сурвалж: ЦУОШГ