ХӨСҮТ: Сүүлийн 24 цагт улаанбурхан өвчний 9 тохиолдол бүртгэгдлээ
Сүүлийн 24 цагийн хугацаанд улаанбурхан өвчний батлагдсан есөн шинэ тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээллээ.
Түүнчлэн Халдварт Өвчин Судлалын Үндэсний төвийн Эрчимт эмчилгээний тасагт улаанбурханы хүндрэлээр таван хүүхэд хэвтэн эмчлүүлж байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.
Энэ талаар ХӨСҮТ-ийн Халдвартын клиникийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч М.Ууганчимэг “Манай тасагт амьсгалын дутагдалтай, биеийн байдал маш хүнд хүүхдүүд эмчлэгдэж байна. Ялангуяа бага насны, ой хүрээгүй болон улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хүүхдүүд илүү хүндээр өвдөх эрсдэлтэй байдаг. Иймд эцэг, эхчүүд хүүхдүүдээ заавал дархлаажуулалтад хамруулахыг уриалж байна.
Томуугийн улирал үргэлжилж буй энэ үед вакцинд хамрагдаагүй хүүхдүүд улаанбурхан өвчний халдварыг нэмж авснаар биеийн байдал нь улам хүндэрч болзошгүй. Иймээс олон нийтийн газраар бага насны хүүхдийг дагуулж явахгүй байх, мөн томчууд өөрсдөө амны хаалт зүүх, гаднаас орж ирэхдээ гараа зөв угаах зэрэг эрүүл ахуйн дэглэмийг чанд сахих нь чухал.
Улаанбурхан нь вакцинаар бүрэн сэргийлэх боломжтой халдварт өвчин тул товлолын дагуу вакцинд цаг тухайд нь хамрагдахыг дахин сануулж байна” хэмээн онцоллоо.