Ёс зүйгүй гишүүнээ юү, Ёс зүй дэгийн байнгын хороогоо татан буулгах уу!

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн  гэрт сар шинийн баярын өдрүүдэд хулгай орсноос үүдэж монголчууд түүний өмнө буруутан болов. Загнуулж, доромжлуулсаар ажилдаа орцгоов. Хулгайд эд зүйлээ алдсан хүн уурлах, бухимдах нь нэг зүйл. Өөрт тохиолдсон асуудлаа нийтэд нялзааж, сар шинийн бэлгэ дэмбэрэлээ уландаа гишгэлэн, нийтээр харааж зүхэх эрх түүнд байхгүй.

Монгол ёсонд сар шинийн өдрүүдэд хараал, хэрүүл өдөөхийг ихэд цээрлэн билэгтэй үг хэлэлцэж өнгөрөөдөг сайхан уламжлалтай. Харин энэ хүнд энэ уламжлал падлийгүй, олон түмний баярын уур амьсгал огт хамаагүй бололтой.

Монголчууд эртнээсээ төрөө дээдэлж “Төрийн минь сүлд өршөө” хэмээн залбирч ирсэн ард түмэн. Гэтэл төрт ёсныхоо уламжлалт баярын өдрүүдэд төрийн түшээ гэх нэр өөрт нь ахадсан нэг эмэгтэй хотол олныг хуйгаар нь хараан доромжиллоо.

Гэрт нь хулгай орсон бол хууль, хяналтын байгууллагад мэдэгдэж зохих журмын дагуу шийдүүлдэг хуульт орон билээ, Монгол Улс. Түүнээс хэн нэгэн нөхөр нийгмийн сүлжээгээр бусдыг дайрч доромжлох, хуурай агсам тавин, бохир үг хэллэгээр түрэмгийлэн муйхарласнаар асуудал шийдэгддэггүй гэдгийг хууль тогтоох дээд байгууллагад жагсаалтаар орж ирсэн энэ хүнд хэлээд өгөх цүнх баригч ядаж алга уу.

Энэ гишүүний олон нийтийн сүлжээнд нийтийг доромжилж ёс бус аашилж байгаа анхны тохиолдол биш. 2024 оны УИХ-ын сонгуулиар Иргэний зориг ногоон намын жагсаалтад багтан парламентын босго алхсан М.Нарантуяа-Нара гишүүн өмнө нь ч олон нийтийн сүлжээнд хараалын үгийг харамгүй цацаж, иргэдийг гутаан доромжилж байсан жишээ тоймгүй олон.

Гэхдээ тэр одоо жирийн иргэн бус. УИХ-ын гишүүн болсон. Энэ хүнд төр засаг, иргэд сонгогчдын өмнө хүлээсэн үүрэг гэж бий. М.Нарантуяа-Нара төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, биеэ авч явах  байдлаараа үлгэр дуурайл үзүүлэх үүрэгтэй. Энэ үүргийг УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэмд тусгаж өгсөн бөгөөд ёс зүйн дүрмийг 2024 оны 9 сард шинэчилсэн байдаг.

Уг нь бол анх парламентын гишүүнд зориулсан ёс зүйн дүрэм гэж байгаагүй. Магад олон нийтийн итгэлийг хүлээж сонгогдсон  УИХ-ын гишүүдийг өндөр ёс зүйтэй ажиллана гэж найдаж байсных биз. Гэвч итгэл даагаагүй их хурлын гишүүдээс ёс зүйгүй үйлдэл олон гарснаас үүдэж 2007 онд гишүүдэд зориулсан анхны ёс зүйн дүрмийг баталсан.

Угаас нэр хүнд муутай Монголын парламентад өмнө нь  хараалын үгээр нэгнээ дайрах, чуулганы хуралдааныг таслах, чуулганы хуралдаанд согтуу суух, Төрийн ордонд гар зөрүүлж зодолдох, авлига албан тушаалын хэрэгт холбогдох зэрэг ёс зүйгүй олон үйлдэл гарсаар ирсэн.

Гэвч энэ удаа…

Түүн шиг уншихад нүд халтирам, сонсоход чих өвтгөм муухай үгээр олныг нийтээр нь харааж байсан түүх байгаагүй билээ.

УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг хэд хэдэн удаа өөрчлөн засварлаж байсан ч ёс бус хараалын үг хэллэгээр ард түмнийг гутаан доромжлохтой холбоотой заалт зохицуулалт байдаггүй.

Магад М.Нарантуяа-Нара шиг бусдыг доромжилсон утга агуулгатай үг хэллэг байнга хэрэглэж олон нийтийг загнадаг гишүүн өмнө байгаагүйтэй холбоотой байж мэднэ. УИХ Ёс зүйн дүрмээ батлахдаа  ингэж зэрлэг балмад авирлан, хэр баргийн хүний амнаас гараад байдаггүй бохир, заваан бүр тодруулбал, “гудамжны” үг хэллэгийг хэлнэ гэж тооцоолоогүй ч биз.

Олон нийтийн сүлжээнд бүгдийг нийтээр нь хараан доромжилдог М.Нарантуяа-Нара гишүүний ёс зүйгүй үйлдлийн талаар УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга асан Б.Баярбаатар удаа дараа шаардлага тавьж, сануулга өгч, уучлал гуйхыг шаардаж байсан ч М.Нарантуяа-Нара гишүүн ёстой нэг хүдээрээ ч тоож харах нь байтугай “Хм хэг, ёг” хэмээн даапаалж өнгөрөөж байсан юм даг. Учир нь УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм гэж “шүдгүй арслан” шиг хариуцлагын зохицуулалтгүй зүйл байдгийг Нара мэтийн улс гаргууд ашиглаж, үнэндээ даапаалж доромжилж сууна.

Ёс зүйн зөрчил гаргасан УИХ-ын гишүүнд 3 төрлийн хариуцлага тооцох зохицуулалт бий. Үүнд сануулга өгөх, уучлал гуйлгах, цалинг 6 сар хүртэл хугацаагаар 20 хувиар бууруулах гэдэг гуравхан заалттай. Парламентын түүхэнд ёс зүйн зөрчил гаргасныхаа төлөө цалингаасаа хасуулж байсан гишүүн байгаагүй. Учир нь гишүүнд цалингийн торгууль ногдуулах шийдвэрийг УИХ-ын ёс зүй дэгийн байнгын хороо дангаараа шийдвэрлэх боломжгүй. Цалинг 6 сараар хувьдах саналаа УИХ-ын даргад хүргүүлж спикер эцсийн шийдвэрийг гаргах учиртай.

Монгол улсын төрийн эрх барих дээд байгууллага бол парламент. Гэтэл парламентын гишүүдийнх нь ёс зүй гудамжинд ч гологдох хэмжээний доошоо орсон өнөөдрийн нөхцөл байдлаа УИХ эргэн харах цаг болжээ.

Ёс зүй дэгийн байнгын хороогоо татан буулгаж, ёс дүрмийн хүчингүй болгох уу эсвэл наад захын хүн ёсны соёл эзэмшээгүй УИХ-ын гишүүддээ хариуцлага мэдрүүлдэг зохицуулалт бий болгох уу гэдгээ эцэслэх цаг нэгэнт болж.

Эх сурвалж: Time.mn

1 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
7 days ago

ЛУЙВАРЧДЫН НАМ-БҮЛЭГЛЭЛ ЮМ ЧИНЬ ГИШҮҮД НЬ Ч МӨН Л ТИЙМ БАЙХ НЬ ОЙЛГОМЖТОЙ ГАЙХААД БАЙХ ЗҮЙЛГҮЙ

Back to top button