Шилдэг рийл шалгаруулах уралдаан зарлагдлаа

МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ТҮҮХТ 105 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ШИЛДЭГ БОГИНО ВИДЕО КОНТЕНТ (РИЙЛ) ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНЫ УДИРДАМЖ
НЭГ. ЗОРИЛГО
Монгол Улсын Зэвсэгт хүчний түүхт 105 жилийн ойг угтан Зэвсэгт хүчний алдар гавьяа, эх оронч үзэл, цэргийн хөдөлмөрийн онцлог, албаны бахархлыг шинэлэг хэлбэрээр олон нийтэд сурталчлах, контент бүтээгчдийн хөдөлмөрийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, сонирхогчид эхлэн суралцагчдын эгнээг өргөжүүлж, тэдний бүтээлч сэтгэлгээг дэмжин хөгжүүлэх, чанарын шаардлага хангасан богино видео контентыг нэмэгдүүлэхэд оршино.
ХОЁР. УРАЛДААНЫ АНГИЛАЛ, ХАМРАХ ХҮРЭЭ
Уралдааныг “Мэргэжлийн” болон “Сонирхогчдын” гэсэн хоёр төрлөөр зохион байгуулна. Мэргэжлийн ангилалд мэргэжлийн студи, редакц, олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагын уран бүтээлчид оролцоно. Сонирхогчдын ангилалд контент хөгжүүлэгч сонирхогч Зэвсэгт хүчний алба хаагчид, иргэд, хэн бүхэн нээлттэй оролцоно.
ГУРАВ. СЭДЭВ, АГУУЛГА
Зэвсэгт хүчний алдар гавьяа, түүхэн замнал, бахархалт үйлс, өнөөгийн хөгжил, дэвшил, эх оронч үзэл, цэргийн хөдөлмөрийн онцлог, албаны болоод мэргэжлийн бахархал, цэргийн алба хаагчийн ёс зүй, хандлагыг эергээр нийгэм олон нийтэд дүрслэн харуулсан Зэвсэгт хүчин, цэргийн албаар бахархах бахархлыг төрүүлэхүйц агуулгатай байна.
ДӨРӨВ. БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА
- Өргөтгөл: хөндлөн 1920:1080, босоо 1080:1920 (Vertical);
- Бүтээлийн үргэлжлэх хугацаа: 180 секунд хүртэлх;
- Формат: MP4;
- Цахим платформд нийцсэн (Facebook, Instagram, TikTok г.м);
- Өмнө нь ашиглагдаагүй, шинээр бүтээгдсэн байх;
- Хууль ёсны, төрийн болон албаны нууцын шаардлагад нийцсэн, ёс зүйн хэм хэмжээг баримталсан, зохиогчийн болон оюуны өмчийн зөрчилгүй байх;
- Видео материал нь ямар нэгэн тамга тэмдэггүй байх;
ТАВ. ХУГАЦАА
Уралдаанд оролцогчид өөрийн бүтээлийн холбоос (линк)-ыг цахим хэлбэрээр 2026 оны 03 дугаар сарын 01-ний дотор ЗХЖШ-ын Хэвлэл мэдээллийн хэлтэст [email protected] хаягаар цахимаар ирүүлэх, түүнчлэн бүтээлийг постлож цахим орчинд байршуулах үед тавих товч гарчиг, оролцогчийн нэр, байгууллага, холбоо барих дугаар, бусад холбогдох мэдээллийг ирүүлнэ. (Хугацаа хоцорч ирүүлсэн материалыг уралдааны шалгаруулалтад оруулах боломжгүйг анхаарах!)
ЗУРГАА. ШАЛГАРУУЛАЛТ
Уралдааны ангилал тус бүрд ирүүлсэн бүтээлийг ЗХЖШ-ын Хэвлэл мэдээллийн хэлтсээс хоёр үе шаттайгаар шалгаруулна.
Нэгдүгээр шатанд уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс дараах шалгуурыг үндэслэн бүтээлүүдээс сонгон шалгаруулна. Үүнд:
– Уралдааны зорилгыг бүтээлээрээ оновчтой илэрхийлсэн байдал;
– Бүтээлч санаа, найруулга;
– Дуу, дүрс, эвлүүлгийн чанар гэсэн үндсэн 3 үзүүлэлтийг харгалзан 10 хүртэлх оноо өгч их онооны дарааллаар эрэмбэлэн шилдэг бүтээлүүдийг дараагийн шатанд шалгаруулна. Энэ шатны шалгаруулалтын оноо үнэлгээ нь шалгаруулалтын үнэлгээний 40 хувь байна. Шалгарсан бүтээлүүдийг ЗХЖШ-ын албан ёсны пэйжээр дамжуулан 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл олон нийтэд сурталчилна.
Уралдааны хоёрдугаар шатанд тухайн бүтээлийн нийт үзэлт, сошиал хандалтыг харгалзаж үзнэ. Лайк-1 оноо, сэтгэгдэл-2 оноо, хуваалцах-3 оноогоор тооцож их онооны дарааллаар эрэмбэлэх ба уралдааны шалгаруулалтын үнэлгээний 40 хувь байна.
Хоёр шатны үнэлгээг харгалзан шүүгчдийн комисс шилдэг бүтээлүүдийг үнэлэх ба энэ үнэлгээ нь шалгаруулалтын үнэлгээний 20 хувь байх бөгөөд (40%+40%+20%) хоёр шатны үзэлттэй хамтатган 100% гэж тооцож эцсийн нэгдсэн дүнг гаргаж, ялагчдыг тодруулна.
ДОЛОО. ШАГНАЛ УРАМШУУЛАЛ
Мэргэжлийн ангилал:
– Тэргүүн байр: 1 000 000 төгрөг, “Өргөмжлөл”
– Дэд байр: 500 000 төгрөг, “Өргөмжлөл”
– Гутгаар байр: 300 000 төгрөг “Өргөмжлөл”
– Тусгай байр: 200 000 төгрөг “Өргөмжлөл”
Сонирхогчдын ангилал:
– Тэргүүн байр: 600 000 төгрөг, “Өргөмжлөл”
– Дэд байр: 400 000 төгрөг, “Өргөмжлөл”
– Гутгаар байр: 300 000 төгрөг “Өргөмжлөл”
– Тусгай байр: 200 000 төгрөг “Өргөмжлөл”
Лавлах утас: 70152430; 93125959 (ахлах дэслэгч О.Төртогтох)
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ